Хэвлэл мэдээллийн зөвлөлийг эсэргүүцэх найман шалтаг ба найман хариулт

ШАЛТАГ 1:  Төлбөртэй мэдээлэл бол хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүгийн чухал эх үүсвэр. Ёс зүйн зарчмыг баримтлах нь хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн байдлыг дордуулна.  Хариулт: Урт хугацаанд бодож үзвэл сэтгүүл зүйн бичлэгийн хэлбэр бүхий  төлбөртэй мэдээлэл нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын итгэл үнэмшлийг эвдэж, зах зээлд тогтвортой ажиллах ирээдүйн боломжийг үгүй хийдэг. Мэдээллийг хэн нэгний ашиг сонирхлын үүднээс гуйвуулах, зөвхөн төлбөр төлсөн этгээдийн сонирхолд нийцсэн мэдээлэл цацах нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг мэргэжлийн бус харагдуулдаг. Орчин үеийн бизнесийн онолоор зах зээлийн өрсөлдөөн дунд амжилтад хүрэх үндсэн нөхцөл бол итгэл үнэмшилтэй байх явдал мөн. Хэрэглэгчид ихэнхдээ  хогонд биш, чанартай бүтээгдэхүүнд мөнгө төлөх сонирхолтой байдаг. Тиймээс одооноос эхлэн зөвхөн өнөөдрийнхөө орлогыг бус, цаашид урт удаан хугацаанд хэрхэн амжилттай ажиллахаа бодож эхлэх нь ашигтай.

ШАЛТАГ 2:  Монголд жинхэнэ утгаараа хараат бус Зөвлөл байгуулах боломжгүй учир Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулснаас байгуулаагүй нь дээр.  Хариулт: Монголд Интернэт хүчтэй хөгжиж буй өнөөгийн нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан мэдээллийн өөр хувилбарыг хэрэглэгчид Интернэтээс олж авах, буруу нийтэлж, нэвтрүүлснийг мэдэх, шүүмжлэх бүрэн боломжтой болоод байна. Өөрөөр хэлбэл цаг үе өөрчлөгдөж, урьд өмнө магад боломжгүй байсан зүйлс өнөөдөр боломжтой болж буйг хүлээн зөвшөөрөх нь чухал. Дэлхийн аль ч өнцөг буланд 100 хувь хараат бус байгууллага гэж байдаггүй, бүх хүн, хуулийн этгээд ямар нэг зүйлээс хамаарч байдаг. Харин хэвлэл мэдээллийн байгууллага, өөрийн зохицуулалтын хувьд “мэргэжлийн” байх нь хамгийн чухал бөгөөд үүнийг л Ёс зүйн зөвлөл зорьдог. Өөрийн зохицуулалтын хараат бус байгууллагыг бий болгож чадах эсэх нь зөвхөн хэвлэл мэдээллийнхний хүсэл, сонирхлоос хамаарна. Хүсэл, сонирхол нь байвал арга зам нь олддог. 

ШАЛТАГ 3:  Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нэмэлт хаалт, хяналтыг л бий болгох учир байгуулах шаардлагагүй.   Хариулт:  Хэвлэл мэдээллийн ёс зүйгүй, мэргэжлийн бус үйлдэл нь хууль ёсны мэт байж болох хяналтыг бий болгодог.  Харин ёс зүйн хяналт нь тэрхүү “хууль ёсны” хяналтын шаардлагагыг багасгаж өгдөг. Нөгөө талаар хэвлэлийн өөрийн зохицуулалт хэзээ ч  редакцийн бодлогод хөндлөнгөөс нөлөөлөхийг оролддоггүй. Хараат бус, мэргэжлийн хэвлэл мэдээллийн зөвлөл зөвхөн ардчилсан улс орнуудад хөгжин дэвждэг  нь үүний тод илрэл юм. 

ШАЛТАГ 4: Эвсэл, холбоо бүр өөрийн гэсэн ёс зүйн байгууллагатай байж болно. Яагаад заавал бусадтай нэгдэх шаардлагатай гэж?  Хариулт: Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хөндлөнгөөс нөлөөлөх, цензурдэх оролдлогод хүчтэй хариу үйлдэл үзүүлэх нь чухал байдаг. Аль болох олон байгууллага нэгдэж чадвал тэр чинээгээрээ хэвлэл мэдээллийн ашиг сонирхлыг хамгаалах, нөлөөлөх оролдлогыг эсэргүүцэх хүч бий болно. Янз бүрийн асуудлаар тус тусдаа дугарснаас харилцан зөвшилцөж, дуу хоолойгоо нэгтгэсэн эвсэл илүү нөлөө бүхий байж чадна. Нөгөө талаар, эвсэл, холбоо бүр өөрийн гэсэн ёс зүйн байгууллагатай болох нь иргэдийн итгэл үнэмшлийг сулруулж, ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Мэргэжлийн хариуцлагаа үүрэх чадвар бүхий байгууллагуудын эвсэл нь олон нийтийн дунд эерэг хандлага, итгэлийг бий болгох үндсэн арга юм. 

ШАЛТАГ 6: Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хариуцлага тооцох хүчтэй арга хэрэгсэлгүй учир сэтгүүл зүйг өөрчилж чадахгүй.  Хариулт: Өөрийн зохицуулалтын байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн өмнө хариуцлагатай ажиллахыг сануулж, шахаж шаарддаг байгууллага. Ёс зүйн зөвлөл хариуцлага алдсан байгууллагын имиж, нэр хүндэд нөлөөлөх арга хэмжээ авдаг учир энэ нь харин ч мөнгөн торгууль болон шийтгэлийн бусад хэлбэрээс илүү үр дүнтэй байдаг. Нөгөө талаар, Хэвлэл мэдээллийн зөвлөл бол мэргэжлийн хэм хэмжээг тодорхой ойлгомжтой болгож, сэтгүүлчдийн ажилд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зөвлөдөг, ингэснээрээ мэргэжлийн мэдлэг, боловсролыг дээшлүүлдэг байгууллага учир сэтгүүл зүйн чанарыг дээшлүүлэх гарцаагүй.

ШАЛТАГ 7: Хэвлэл мэдээллийн зөвлөл зөвлөлд санхүүжилтийн тодорхой, бодитой эх үүсвэр байхгүй учир ийм байгууллага ирээдүйгүй.  Хариулт: Хэвлэл мэдээллийн зөвлөл нь шүүхийн ачааллыг мэдэгдэхүйц бууруулдаг нь төсвөөс санхүүжилт авах хангалттай үндэслэл болдог. Нөгөө талаар, ардчиллыг хөгжүүлж буй ихэнх орны Засгийн газар болон хууль тогтоогчид Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг дэмжиж, төсвөөс санхүүжүүлснээрээ өөрсдийн ардчилсан үзэл баримтлалыг нотлох маш сайн шалтаг болж өгдөг. Гагцхүү төсвийн дэмжлэг нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх арга хэрэгсэл болох учиргүй тул үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай. Нөгөө талаас, орлогын бусад эх үүсвэрийг ашиглах нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус байдал, итгэл үнэмшилд тустай байх болно. 

ШАЛТАГ 8. Хэвлэл мэдээллийн олон эвсэл, холбоод байхад яагаад заавал ахиж нэг байгууллага байгуулах шаардлагатай гэж? Зөвлөлийн үүргийг Сэтгүүлчдийн байгууллага гүйцэтгэж болох юм биш үү?  Хариулт: Сэтгүүлчдийн байгууллага бол хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага. Үүнээс ялгаатай чиг үүрэг бүхий олон янзын эвсэл, холбоо, байгууллага хэвлэл мэдээллийн салбарт  ажиллаж байдаг учир бүх талын оролцоог хангаж, эвлэлдэн нэгдэх нь өөрийн зохицуулалтын байгууллагыг илүү хүчтэй, нөлөө бүхий болгоно. Нөгөө талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах, тогтвортой ажиллуулах нь маш ярвигтай нарийн үйл явц байдаг тул хэвлэл мэдээллийн салбарын олон талын оролцоог хангаж ажиллах нь маш чухал. Түүнчлэн иргэдийн санал гомдлыг хүлээж авах, хараат бус, мэргэжлийн шийдвэр гаргах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай шударгаар харьцах нь ажиллагаа ихтэй, нэлээд их нөөц, хүч хөрөнгө шаарддаг. Тийм ч учраас зөвхөн ёс зүйн асуудлыг хариуцсан, энэхүү асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг мэргэжлийн байгууллага байхын чухлыг ийм байгууллага бий болгосон бүх орны туршлага нотолж байна. 

Бэлтгэсэн: Медиа консул Монголиа Клуб

About Lkhagva

Lkhagva ErdeneInvestigative Reporter/Television Producer @Lkhagva "Lkhagva Erdene is an award winning investigative reporter and executive producer of news at Mongol TV in Mongolia. At Mongol TV, his team has helped to earn its position as the most-watched prime-time news in the Asian nation. A former co

Read More

Category

Subscribe My Newsletter